Хэрвээ та ажлын хажуугаар нэмэлт орлого олох хүсэлтэй, эсвэл одоохондоо ажилгүй, гэртээ хүүхдүүдээ хараад суудаг ч бизнес эрхлэн, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх талаар үргэлж боддог боловч үйлдэл хийж хэрэгжүүлж чадахгүй байгаа бол яг өнөөдөр та доорхи 5 зүйлийг хийж эхлээрэй. Эдгээр 5 хийх алхам нь танаас ямар нэгэн хөрөнгө оруулалт, мөнгө санхүү шаардахгүй тул та чөлөөтэй сэтгэж, бодож хийхийг танд зөвлөх байна.
За, ингээд эхлэцгээе!
1. Анхаарлаа төвлөрүүлэх
Хамгийн эхэнд таны хийх зүйл бол маш сайн анхаарлаа төвлөрүүлж, таны ямар мэдлэг ур чадвар хүмүүсийн асуудал бэрхшээлийг шийдэж чадах талаар сайтар бодоорой. Асуудал байгаа газарт бизнесийн асар том боломж үргэлж байна гэсэн үг. Магадгүй таны хүссэн бизнесийг хийхэд таны ур чадвар хангалтгүй байж болно. Тэгвэл цаашдаа ямар ямар ур чадвараа нэмэгдүүлэх талаар төлөвлөгөө гаргаарай. Үүнээс үндэслэн таны бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээ тодорхойлогдоно.
2. Тоо бодох
Хэрвээ та бизнес эхлэхээр шийдсэн бол эхний удаа хэдэн төгрөг болон цаг зарцуулж чадах вэ гэдгийг тооцож бодоорой. Та ажил хийдэг бол чөлөөт цагаараа хэдий хугацааг бизнестээ зориулж чадах вэ? Та бизнестээ өдөр бүр тодорхой хугацааг зориулж чадахаар байна уу?
Мөн хэдий хэмжээний санхүүжилт хийж чадах вэ? Таны санхүүжилт бизнесийн орлогоо шууд олж эхэлж байгаа бол энэ бол маш том хөрөнгө оруулалт болно. Харин анх эхлэж байгаа бизнесүүд ихэнхидээ амжилттай байж чаддаггүй алдагдал хүлээх эрсдэлтэй байж болно. Тэгвэл та хэдий хэмжээний алдагдалыг хүлээхэд бэлэн байна вэ?
3. Цуглуулга хийх
Та өөрийн мөрөөдлийн бизнесээ эрхлэхдээ ямар төрлийн брэндийг бий болгохыг хүсч буйгаа тодорхойлоод ижил төрлийн амжилттай бизнесүүдийн мэдээллүүдийг цуглуулах юм. Ямар өнгийн логотой байна, вэйбсайтын линкүүдийг нь цуглуулах, сошиал медиаг нь дагах гэх мэт. Эдгээрээс та өөрийн брэндийг бүтээх олон санаануудыг олж авч, бизнесийнхээ онцгой цор ганц, ахин давтагдахгүй брэндийг бүтээх боломжтой юм.
4. Өөрийнхөө онлайн цагийг ашиглах
Фэйсбүүк, инстаграм руу орж дэмий цагаа өнгөрөөдөг бол өнөөдрөөс үүнийгээ зогсоож үүнийхээ оронд онлайн орчинд байгаа таны ирээдүйн бизнест туслаж болох фэйсбүүк группт нэгдэх, мэдээлэл олох, бизнесийн мэдлэгээ нэмэгдүүлэх, өөрийн бизнес санаатай холбоотой эвент арга хэмжээнүүдэд оролцоорой. Бизнесийн хүмүүст цаг бол алт гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх байхаа.
5. Шинэ зүйлс сурахдаа бэлэн байх
Мэдлэгээ тэлж таны бизнест хэрэг болох бичлэгүүдийг үзэх, үнэгүй бизнесийн сургалтанд хамрагдах, шаардлагатай бол төлбөртэй бизнеийн хөтөлбөрүүдэд хамрагдах, технологийн мэдлэгүүдээ нэмэгдүүлэх зэрэг олон зүйлийг сурахдаа бэлдээрэй. Бизнест нэгэнт хөл тавихаар шийдсэн бол та мөнхийн суралцагч мөн хэрэгжүүлэгч байх ёстой гэдгээ үргэлж санаарай.
Хэрвээ та төлбөртэй бизнесийн хөтөлбөр сургалтанд хамрагдахаар шийдсэн бол өөрөө бие дааж хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Хөтөлбөр сургалтанд хамрагдаад үйлдэл хийж эхлэхгүй, бизнесээ өөрөө эхлүүлэхгүй л бол хэн ч таны бизнесийг эхлүүлэхгүй шүү дээ.
Ингээд танд өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Дижитал эрин зуунд та дэлхийн хаана ч байсан өөрийн онлайн бизнесийг эхлүүлж, хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Гагцхүү таны хичээл зүтгэлээс бүх зүйлс хамаарна.
Бизнес менежментийн зөвлөх, Дижитал маркетинг менежментийн ментор Т.Гантуяа